Tuesday, 19 November 2019

& Нийслэл

img

Ц.ОДОНТУНГАЛАГ: НИЙТИЙН ТЭЭВЭР 150 САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГО АЛДАЖ БАЙНА

Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг сааруулах зорилгоор жил бүрийн Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд нийтийн тээврийг хөгжүүлэх төсөл арга хэмжээ тусгадаг ч тэр нь хэрэгждэггүй, татвар төлөгчдийн мөнгө үргүй зарцуулагддаг мөрөөдлийн жагсаалт болж хувирчээ. Энэ тухай бид Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал (НИТХ)-ын төлөөлөгч Ц.Одонтунгалагтай ярилцлаа. Тэрбээр 2012-2016 онд Зорчигч тээврийн нэгтгэлийн даргаар ажилласан юм.

-НИТХ-аар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг дүгнэх үеэр төлөөлөгчид нийтийн тээврийг хөгжүүлэхээр тавьсан ажилд хангалтгүй дүн тавилаа. Ямар хөтөлбөрүүд хэрэгжилгүй, ирэх жил дахиад хөрөнгө мөнгө тавихаас аргагүй болгоод байна вэ?

-НИТХ-наас өнгөрсөн жил 2019 оны Үндсэн чиглэлд нийтийн тээврийг хөгжүүлэхтэй холбоотой 21 ажил хэрэгжүүлэхээр тусгаснаас өнөөдөр долоон ажил үнэлэх боломжгүй буюу хэрэгжээгүй байна. Долоон ажил нь 40 хувьтай, мөн долоон ажил 100 хувь гэж дүгнэсэн. Гэтэл 40, 100 хувь гэж дүгнэсэн ажлууд нь ч огт хэрэгжээгүй байх жишээтэй. Тухайлбал Нийтийн тээврийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулна гээд 200 сая төгрөгийг Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд 3 жил дараалан тусгасан. Ирэх оныход дөрөв дэх жилдээ тусгалаа. Энэ оны Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг авч үзвэл мастер төлөвлөгөө боловсруулах ажил 40 хувьтай хэрэгжсэн гэж тайлагнасан. Үнэхээр 40 хувьтай хэрэгжсэн бол эхний шатны судалгаа шинжилгээ, төсөл нь гарч танилцуулагдсан байх ёстой. Гэвч тийм зүйл алга байна. Яагаад хэрэгжээгүй талаар тайлбар сонсохоор УИХ -аар Авто тээврийн тухай хууль батлагдахыг хүлээж байгаа гэдэг. Хууль батлахыг хүлээгээд дөрөв дэх жилдээ нэг өгүүлбэртэй зорилт тавьж байна. Хийх хүн аргаа олдог, хийхгүй хүн шалтаг олдог гэдэг л энэ.

Мөн “УБ такси” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэх ажлын хэрэгжилт 40 хувь гэж тавьсан байна. Тайланг нь уншаад үзэхээр бүтэн нэг жилийн хугацаанд Авто тээврийн үндэсний төвийн менежер Сайнбаяртай мэдээлэл солилцон уулзалт хийлээ гэчихээд үүнийгээ ажлын гүйцэтгэл 40 хувь гэж дүгнэсэн байсан.

-Ажлын гүйцэтгэл нь 100 хувьтай дүгнэгдсэн хэрнээ хэрэгжээгүй ажил байгаа хэрэг үү?

-Нийтийн тээврийн салбарын санхүүгийн бие даасан байдлыг хангах чиглэлээр олон улсын байгууллагатай хамтран судалгаа хийх хөтөлбөрийн хэрэгжилт 100 хувь хийгдсэн, сүлжээ төлөвлөлт сайжирсан гээд байгаа. Үнэхээр судалгаа нь бүрэн дүүрэн хийгдэж дууссан бол түүн дээрээ үндэслээд, шийдвэр гаргаад ажил сайжраад явж байх ёстой. Нөгөө талдаа энэ судалгааг бүрэн дүүрэн хийснээр нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлт сайжрах ёстой юм. Өөрөөр хэлбэл, буудал дээр зорчигчид автобусаа хүлээхгүй, тээврийн хэрэгслийн хүрэлцээ нь сайн, түгжрэхгүй, нийтийн тээврийн алдагдал буурч, орлого нэмэгдсэн байх ёстой юм. Гэтэл өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээ өмнөх жилүүдийнхээсээ ч хүндэрч, алдагдал нь өссөн байна. Мөн гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээ сайжирсан байх ёстой. Харамсалтай нь, нийслэлийн гэр хорооллын нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх нь байтугай хотын төвөөрөө нийтийн тээврээ түгжрэлгүй явуулах зохион байгуулалтыг ч хийхгүй байна. Ер нь Үндсэн чиглэлд тавьсан ажлын гүйцэтгэл бодит амьдралтай нийцэхгүй байна гэдгээ өөрсдөө ч хүлээн зөвшөөрч байна лээ.

-Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийхгүй бол одоогийн ашиглаж байгаа автобусны насжилт дуусах тухай дуулддаг. Энэ ажлууд ирэх оны Үндсэн чиглэлд тусаж уу?

-2020 оны Үндсэн чиглэлд тусгаснаар 100 тролейбус авахад, 25 тэрбумыг зарцуулна. Нийслэлийн төсвөөс 3.7 тэрбумыг, Хөгжлийн банкнаас 21.1 тэрбум төгрөгийг зээлээр авч санхүүжүүлэхээр төлөвлөсөн юм билээ. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд нэг ч автобусаар парк шинэчлэл хийгээгүй. Тийм учраас ирэх онд нийтийн тээврийн парк шинэчлэл хийхгүй бол тэг зогсолт хийхүйц хүндрэл үүснэ.

Парк шинэчлэлийн тухай ярихад манайх менежмент хийж чадахгүй байгаагаас үүдэлтэй асуудал их бий. Тухайлбал, одоо нийтийн тээвэрт ашиглагдаж байгаа автобусны 400-г нь 2009 онд 37 орчим тэрбум төгрөг улсын төсвөөс гарган худалдан авсан байдаг. Төсвийн хөрөнгөөр хувийн компаниудад эргэн төлөгдөх нөхцлөөр автобус авч өгсөн хэрнээ эргэн төлөх төлбөрийг авч чадаагүй байна. Төсвийн тухай хуулинд төсвийн хөрөнгөөр хувийн хэвшилд хөрөнгө оруулахыг хориглох заалт бий. Гэтэл тухайн үед Төсвийн тухай хууль зөрчиж үүнийг хийсэн байдаг.

-Төсвийн хөрөнгөд хэмнэлттэй, үр ашигтай, хариуцлагатай хандах ёстой байх. Энэ мөнгө эргэн төлөгдсөн бол тэр мөнгөөрөө парк шинэчлэл хийчих байж?

-Миний бие нэгтгэлийн даргаар ажиллж байх үедээ энэ асуудлаар шүүхэд хандаж байсан. Гэвч нэхэмжлэгч биш учраас шийдэх боломжгүй байсан. Тийм учраас төлөөлөгчийн хувиар нийслэлийн удирдлагад энэ асуудалд анхаарлаа хандуулах ажлын саналыг удаа дараа хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төрийн сан энэ талаар ямар арга хэмжээ ажиллаж байгаа талаар тодорхой хариу өгөхгүй байна. Хэрвээ эргэн төлөлт хийлгэсэн бол өнгөрсөн хугацаанд тэр мөнгөөр парк шинэчлэл хийх бүрэн боломжтой байсан.

–Автобусаар зорчигчдын хувьд автобусны зогсоол ойр байх асуудал чухал байдаг. Автобусны зогсоолын хүртээмжийг сайжруулах ажил хэр байна гэж дүгнэж байна вэ?

-Энэ онд нийтийн тээврийн үйлчилгээний зогсоолыг сайжруулах зорилгоор шинээр 35 зогсоол байгуулна гэснээс хоёрыг л байгуулсан байгаа. Өнгөрсөн жил тусгасан байсан ажлаа дахиад л ирэх жил хийхээр оруулж ирсэн юм билээ.

-Тусгай замын автобусны үйлчилгээ бий болгоно гээд байсан. Тэр ажил юу болж байна вэ?

-BRT буюу тусгай замын автобус хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх нэгж 2017 оны тавдугаар сард байгуулагдсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд төслөөс хийсэн ажил нэг ч байхгүй. Ажил нь огт яваагүй боловч жил бүр 150 сая төгрөг албан хаагч нарын цалинд зарцуулагддаг, зээлийн хүү нь төлөгддөг төсөл болж хувираад байна.

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих, 78.4 сая ам.долларын төсөвт өртөгтэй ажил. Хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төсөл учраас ажил хийгдэхгүй цаг хугацаа алдах тусам бидэнд хохиролтой. Энэ төсөл хэрэгжсэн бол авто замын ачаалал 20-30 хувиар буурна гэж үзэж байсан. Гэтэл анхны зураг төслийг нь сольж цаг алдсаар бүтээн байгуулалтын ажил нь яваагүй, цаасан дээрээ байж байх хооронд хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлт хийх хугацаа нь болоод байна. Нийтийн тээврийн салбарын хөгжил энэ мэтээр удааширч байна.

-Нийслэлийн төсвөөс төрийн өмчит автобус компаниудад олгох татаас жил бүр нэмэгдээд байгаа ч алдагдал нь буурахгүй өсөх болсны шалтгаан юу юм бол?

-Өмнө нь буюу 2012 онд намайг Зорчигч тээврийн нэгтгэлийн даргаар томилогдон ажил авахад орон нутгийн өмчийн оролцоотой гурван автобус бааз нэг төлөвлөгөө зорилттой ажилладаг хэрнээ хоёр нь алдагдалтай, нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөггүй, цалингаа тавьж чаддаггүй, шатахууны өр төлбөрт орсон, нэг нь хэвийн ажилладаг байсан. Үйл ажиллагааг нь нэгтгээд удирдаад үзье гэдэг зорилготой ажиллаад алдагдалгүй ажилладаг болгосон. Удирдлага зохион байгуулалтаасаа шалтгаалдаг юм байна гэдэг нь харагдсан.

Зөв менежмэнтээр ажилладаг болсноор бүх автобус компанийн ажилчид цагтаа цалингаа авдаг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгддөг, шатахууны өргүй, болж, орлого нь ч сайжирсан. Гэтэл Засаг солигдсоны дараа Зорчигч тээврийн нэгтгэл болгон нэгтгэсэн байсан компанийг хувааж салгасан.

Үүнээс болоод алдагдалгүй ажиллаж байсан компани өнөөдөр таван тэрбумын алдагдалтай ажилладаг болоод байна. Тухайн үед Нийслэлийн нийт төсөв 600 орчим сая төгрөг байсан. Гэвч бид тэр үед автобусны парк шинэчлэлт хийж чадаж байсан. Гэтэл өнөөдөр нийслэлийн төсөв нэг их наяд төгрөг давсан хэрнээ парк шинэчлэлтээ огт хийж чадаагүй.

Кондуктортой байхад хувийн хэвшилтэйгээ нийлээд өдөрт 250 сая төгрөгийн орлоготой ажилладаг байсан хэрнээ өнөөдөр 90 сая болж буурсан байна. Цаана нь 150 сая төгрөгийн орлого алдаж байна. Иргэд мөнгөө төлөөд байгаа, тэр нь хаашаа орж байна вэ гэдэгт хяналт тавьж чадахгүй болсон байна.

-Нийтийн тээврийг ухаалаг болгох үйлчилгээ таныг энэ салбарыг удирдаж байх үед хэрэгжсэн. Гэтэл өнөөдөр хэдэн төгрөгийн орлого ордог вэ гэдгийг Нийслэлийн тээврийн газар хянаж чадахгүй, БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Смарт карт” компанийн хэлснээр л явж байна гэх. Энэ хэсэгт алдаа гараад байна уу?

-Нийтийн тээврийн орлого “Смарт карт” компани дээр төвлөрөөд түүнийгээ Нийслэлийн тээврийн газартай хамтраад автобус компаниудад хуваарилж байгаа. Гэхдээ “Смарт карт” компани гэхээсээ илүү өөрсдөө хяналтаа алдчихсанаас орлого нь буурсан. Өөрсдөө хяналт тавьж чадахгүй, орлого буурсанд эмзэглэхгүй, хэвийн зүйл мэт хандаж байгаа нь ажиглагддаг болсон байна.

“Смарт карт”-ын хувьд хяналтын системийн тоног төхөөрөмж нь анх манайд суурилуулж байснаас хоцрогдчихсон, 2G технологийн хүчин чадлаар ажиллаж байгаа. Монголын залуучууд 4G технологи гаргачихсан, танилцуулга хийж байна. Түүнийг нь хэрэгжүүлэхгүй байгаа нь бодлогын алдаа. Нийслэлийн тээврийн үйлчилгээг сайжруулж хэмнэлттэй, хяналттай ухаалаг тоног төхөөрмж байсаар атал хоцрогдсон технологио хянаж чадахгүй, төсвөө алдагдалд оруулаад явж байгаа нь шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүмүүсийн буруутай үйл ажиллагаатай л холбоотой.

-Нийтийн тээвэрт ухаалаг үйлчилгээ нэвтрүүлэхдээ та бүхэн шинэ технологитой компани сонгох ёстой байсан юм биш үү, тэгвэл?

– Тухайн үед тендер зарлахад өрсөлдөөд гарч ирсэн компани нь “Смарт карт”. Дэлхийн улс орнуудын нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг үйлчилгээ хэдийнэ нэвтэрсэн байсан. Кондуктор мөнгө хураадаг энэ үйлчилгээ хэдийнэ хоцрогдсон байсан л даа. Анх удаа хийгдсэн ажил учраас бэлтгэлгүй байсан байж магадгүй. Гэхдээ шаардаж, шахаж маш их ажил хийлгэсэн. Урд хойд талд нь карт уншдаг төхөөрөмж суулгана, бэлэн мөнгөтэй орж ирсэн тохиолдолд лацтай хайрцганд хийх, хяналтын камер ажиллуулах зэргээр төрөл бүрийн л арга хэмжээ авсан. Орлого ч эрс нэмэгдсэн. Засаг төр өөрчлөгдсөнөөр энэ ажил унаж, хяналт суларсан байна.

-Хотын төвд байгаа Зорчигч тээврийн компаниудын газрыг дуудлага худалдаанд оруулж, Тахилтад шинээр нэг төв байгуулах юм яриад байдаг. Та салбарыг удирдаж байсан хүний хувьд энэ талаар юу гэж бодож байна?

-Улаанбаатар хотод байрлах Автобус гуравдугаар баазын газрыг дуудлага худалдаанд оруулж зараад Тахилтад дөрвөн га газарт шинээр 3-р баазыг шинээр байгуулахаар төлөвлөсөн. Нийт 21 тэрбум төгрөгөөр шинэ бааз байгуулахаар төлөвлөсөн. Мөн л гурав дахь жилдээ хөрөнгө тавьж байна. 2018 оны нийслэлийн төсөвт 2 тэрбум, 2019 оны төсөвт 2.8 тэрбум, 2020 оны төсөвт 15.3 тэрбум төгрөг суулгахаар Үндсэн чиглэлд тусгасан байгаа.

Энэ мэтчилэн нийтийн тээврийн салбарын ажил яаж байгааг та харж байгаа байх. Ер нь нийтийн тээвэр гэдэг бол нийгмийн захиалгат үйлчилгээ. Улаанбаатар хотын хүн амын 60 гаруй хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Энэ салбарын хөгжил удаашрах тусам иргэдэд хүндрэл чирэгдэл үүснэ. Ийм учраас аливаа шинэчлэл хөгжил нь удааширч болохгүй, хяналттай байх ёстой, өдөр тутам үйл ажиллагаанд нь анхаарч байх шаардлагатай ийм чухал салбар шүү дээ.

 

Эх сурвалж: MEDEE.MN 

 

СЭТГЭГДЭЛ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ